Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Түүхэн замнал

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 142

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бүрэн дунд сургууль нь анх 1934 онд байгуулагдсанаас хойш үүсэл хөгжлийн 83 жилийн гэгээлэг түүхэн замнал, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэр хүндтэй, бахархалтай ажил үйлс, амжилт бүтээлийн баялаг дурсамжтай Монголын ууган сургуулиудын нэгэн билээ.

Сургуулийн маань туулж өнгөрүүлсэн 83 жил яг л хүний амьдрал шиг эцэг эхийнхээ гар дээр өсөж бойжин тусад орж эрийн цээнд хүрч түүхэн замналыг туулж ирсэн түүхэн үе байлаа.

Тус сургуулийн анхны суурь 1934 оны намар одоогийн Баянгол сумын төвийн орчим Богдхан уулын аймгийн Батсүмбэр уулын хошууны нутаг Хараа голын сав Түнхий хөндийн адагт 2 эсгий гэртэй, 10 гаруй сурагчтайгаар тавигдаж хичээл номоо эхэлж байжээ.

Баянголын тэнхим сургуулийн анхны эрхлэгч багш нь бичгийн эрдэмд боловсорсон нутгийн өвгөн бичээч Дэндэвийн Бат-Аюуш гэдэг хүн байсан бөгөөд тэрээр “Баянголын сургуулийг анх байгууллагдахад өвгөн бичээч Бат-Аюуш миний бие багшаар ажиллаж, Гомбын Сэр-Од, Лувсанбалдангийн Лхамсүрэн, Долгорсүрэн, Лхагважав, Зоошийн Долгор, Сэнгээгийн Дашиймаа, Жамбалдагвын Ичинхорлоо нарын 10 гаруй багачуудтай 2 эсгий гэртэй хичээл номоо эхэлсэн билээ” гэж дурсамжаа бичин үлдээжээ.

            Анхны ардын сургууль нь сурагчдаа 2 жилийн хугацаатай сургаж, 1936 онд анхны төгсөлтөө хийгээд албан ёсны бага сургууль болсон байна.  

               Түүхэн замналаас нь товч дурьдвал:

1934-1962 оныг хүртэл 28 жил бага сургууль

1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн 7 жилийн дунд сургууль

1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль

1984-1985 оны хичээлийн жилд 10 жилийн дунд сургууль

2004-2005 оны хичээлийн жилд 11 жилийн ерөнхий боловсролын дунд сургууль

2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон өргөжиж эдүгээ 83 жилийн түүхтэй Монголын ууган сургуулиудын нэг юм.

              1968 онд ЗХУ-ын тусламжтайгаар 192 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, 120 хүүхдийн суудалтай цайны газар бүхий иж бүрэн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авсан байна.

               1987, 1992 онуудад сургуулийн барилгад 2 удаа өргөтгөл хийгдэж, 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн 640 хүүхдийн суудалтай болон өргөжжээ. Ийнхүү тус сургууль маань Боловсрол хэмээх том айлын бага хүү шиг нь байж өөрт оногдсон ачаагаа нэр төртэй бахархалтайгаар үүрч явна.

 

1.3 СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛЫН ҮЕ ШАТУУД:

 

БАГА СУРГУУЛИЙН ҮЕ \1934-1962\

 

Баянгол сумын бага сургууль нь Богдхан уулын аймгийн Баатар вангийн хошууны Хөлий Баян-уул сумын тэнхим нэртэйгээр Түнхийн амны зүүн дэнж Гонир уулын хормойд 1926 \1929\ онд байгуулагдсан улирлын түр сургуулиас эхтэй. Энэ сургуулийн багш нь Н.Чүлтэм гэдэг хүн байжээ. Улирлын түр сургууль нь хошууны бичээч, хожмын багш нарыг бэлтгэх зорилготойгоор Сангийн яамнаас эрхлэн байгуулж байжээ.

1931 онд Засаг захиргааны нэгжийг 13 аймаг болгон зохион байгуулахад Богдхан уулын аймгийн Ноён уулын хошуунаас Баянгол сумыг таслан байгуулсаны дараа улирлын түр сургуулийг томсгон 1934 онд нэг жилийн сургалттай Төв аймгийн Баянголын ардын сургууль байгуулагджээ.

Энэ ардын сургуулийн анхны багшаар гэрийн боловсролтой сэхээтэн бичээч Дэндэвийн Бат-Аюуш гэдэг хүн 1934-1938 онд ажиллаж байгаад сумын дарга болжээ.

Баянголын ардын сургуулийг анх байгуулагдахад Гомбын Сэр-Од, Лувсанбалдангийн Лхамсүрэн, Лхагважав, Долгорсүрэн, Уушийн Долгор, Сэнгээгийн Дашиймаа, Хишигтийн Гомбожав, Гүрсэдийн Лувсандондов, Долгорын Жанчивдорж, Жамбалдагвын Ичинхорлоо, Го.Дорж, О.Лувсан-Ёндон,  Ч.Цэрэндулам нарын 10 гаруй багачуудтай 2 эсгий гэртэйгээр хичээл номоо эхэлж байжээ.

Анхны ардын сургууль нь 2 жилийн хугацаатай сургаж, 1936 онд анхны төгсөлтөө хийж албан ёсны бага сургууль болсон байна. Ийнхүү тус сургууль нь сум орон нутгийн хувьд эрдэм соёлын төв нь болж 1934-1962 оныг хүртэл 28 жил бага сургууль байж, олон зуун хүүхэд багачуудад эрдэм боловсрол олгох үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ.

 

 7 ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛЬ \1962-1963\

 

1962-1963 оны хичээлийн жилд Баянголын бага сургуулийг 7 жилийн сургууль болгон өргөтгөхөд захирлаар нь  Д.Цэдэв, хичээлийн эрхлэгчээр нь Н.Чүлтэм нар ажиллаж байжээ.

 

 8 ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛЬ \1970-1971\

Түүхийн энэ цаг хугацаанд тус суманд хүн эмнэлгийн салбар, нефть хангамжийн газар, авто замын анги, худалдаа бэлтгэлийн анги, нягтруулгын төхөөрөмжтэй холбооны салбар, хүүхдийн цэцэрлэг, будаа хүлээн авах газар, банкны салбар, цаг уурын станц, цахилгаан шугам сүлжээний станц, төмөр замын өртөө, Мандах нэгдэл зэрэг манай улсын сум болгонд тэр болгон байдаггүй олон байгууллага ажиллаж үйл ажиллагааныхаа хүрээг тэлэн хөгжиж, улмаар 1968 онд Баруунхараа сангийн аж ахуй байгуулагдсантай холбогдуулан 1970-1971 оны хичээлийн жилээс эхлэн 8 жилийн сургуулийн системд шилжжээ.

 

10 ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛЬ \1984-1985\

1984-1985 оны хичээлийн жилд 10 жилийн дунд сургууль болон өргөжиж захирлаар нь Ө.Гомбосүрэн, хичээлийн эрхлэгчээр Б.Чулуунбаатар, Я.Жаргал, анхны 9-р ангийн багшаар Н.Ганчимэг, дотуур байрны багшаар Нарантуяа, тогоочоор Дулмаа, няраваар Х.Лхамсүрэн нар ажиллаж байлаа.

 

 11 ЖИЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬ \2004-2005\

            2005 оноос 7 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах, ерөнхий боловсролын сургалтыг 11 жилийн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбогдуулан бага, дунд боловсролын стандартыг өөрчлөн шинэчилж бага, дунд боловсролын стандарт, кирриклюмийг шинэчлэн боловсруулсан байна.

 

12 ЖИЛИЙН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ \2008-2009\

2008-2009 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжүүлж эхлэх, 6 настай хүүхдийг сургуульд нийтээр нь элсүүлэн сургах түүхэн шийдвэр гарч, шинэ зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ түүхэн цаг хугацаанд манай хамт олон боловсролын үйлчилгээ бүрийн хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн шинэчлэлийн шинжтэй олон талт арга хэмжээг үе шат, эрэмбэ дараатай авч хэрэгжүүлж ирлээ. 

Сургуулийн маань туулсан замын үе шат бүхэн улс орны хөгжлийн, тэр тусмаа боловсролын шинэ тогтолцоонд шилжин төрөөс боловсролын талаар баримталж байгаа бодлого, эрх зүйн шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэх боловсролын агуулга, аргазүй, бүтцийн шинэчлэлийн үе шатууд байснаараа онцлог бөгөөд бахархалтай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ