Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сумын түүхэн замнал

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 266

ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

 

2012.06.15                                                                                                 Сүхбаатар сум

Сэлэнгэ аймаг Баянгол сум нь эртнээс тус аймгийг улсын нийслэлтэй холбож гол өртөөний нутаг байж ирсэн бөгөөд өртөөний алба залгуулахын зэрэгцээ тариалангийн ажил эрхэлж ирсэн газар билээ. Монголын эзэнт гүрэн бутарч эхлэх тэр үед Баруунхараа нь Халхын Түшээтханы удмын Сидбуй Хатанбаатарын харьяанд байж тэрбээр Манж гүрэн Зүүнгарын Галдан Бошигтхантай хийсэн дайнд гавьяа байгуулсан тул Хошууны бэйс болгон хошууных нь нэрийг “Халхын умар замын баруун гарын зүүн этгээдийн адгийн хошуу” гэж нэрлэсэн байна. Энэ үеэс хойш тус нутагт Манж, Хятад иргэд ихээр ирж суурьшин Хараа, Бороо голын сав газраар усалгаатай тариа тариалж, XIX зууны сүүл үед Орос, Белгийн хамтарсан “Монголор” алтны нийгэмлэг Бороогийн нутагт алт олборлож байв. Богдын шавийн харьяа Хараа отог гэдэг хурлын газрыг 1908 онд одоогийн сумын төв байгаа Түнхийн аманд байгуулж улмаар Хараа, Баянгол, Загдал, Сэвсүүл, Мангирт зэрэг 7 отогийг хамарсан 72 ламын суудалтай Түнхийн хүрээ өргөжжээ. Цагаагчин гахай жилийн 1911 оны хувьсгалаар манжийн ноёрхолыг түлхэн унагаж Богд хаант Монгол улс байгуулагдахад хошуу тамгын газар нь төрийн зохион байгуулалтад мөрдөгдөж байсан бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж хошуу ноёны удирдлагын доор өдөр тутмын үйл ажиллагааг удирдах туслагч түшмэл 2, захирагч түшмэл 1, мээрэн, залан тус бүр 1 байсан бөгөөд эдгээрээс гадна суурин жасаанд жинхэнэ ба туслах түшмэл тус бүр 1, эх зохиогч жинхэнэ ба туслах бичээч, сурах бичээч тус бүр 1, нярав 1 зэрэг 6-7 хүн 3 сараар ээлжлэн жасаалж ажиллаж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа 1922 онд 14 гишүүнтэй намын үүрийг байгуулж, оны эцсээр Түнхий хүрээний жасын хөрөнгө малыг хураан авч одоогийн Шар хадны балгасан дээр ардын коммуныг байгуулж 1924 оныг хүртэл ажиллаж байгаад 1924 онд Өвс хадах морин станцад шилжжээ. МУ-ын “Засаг захиргааны дүрэм” шинээр 1923 онд батлагдсаны дагуу орон нутгийн засаг захиргааг ардчилсан зарчим дээр шинэчлэн зохион байгуулах ажил хийгдсэн бөгөөд 1924 оны 09-р сараас Богдхан уулын аймгийн Батсүмбэр (одоогийн Төв аймгийн)-ийн хошуу болон Мандал Хөлий Баян-Уул гэсэн сумтайгаар байгуулагдсан байна. Хошууны хүн амын хувьд 1918 оны байдлаар 219 өрхтэй нийт хүн амын 900 хүнээс эрэгтэй 450, эмэгтэй 450 байсан бол адуу 934, тэмээ 11, үхэр 1650, хонь ямаа 5855, нийт 8450 тоологдож байжээ. Баянголын Дуган мухарын эхний хурал, Түнхийн хүрээ зэрэг шашин мөргөлийн газруудад нийт 165 лам (хошууны эрчүүдийн тоонд багтсан болно) хуварга шавилан сууж ном хурдаг байв. БНМАУ-ын 1931 оны Бага хурлын Тэргүүлэгчдийн 10-р хурлын тогтоолоор тус улсын засаг захиргааны зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулж Ноён уулын хошууг татан буулгаж тус сумыг шинээр байгуулж Төв аймгийн харьяанд оруулан Баянгол сум болгож Түнхий хүрээнд байгуулжээ.

Удаагүй 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяанд шилжсэн бөгөөд хүн амын хувьд 1933 оны байдлаар 7 баг, 757 өрх, 2500 хүн, 6730 толгой малтай байжээ. “Сүхбаатарын туг” хамтрал анх 1937 онд байгуулагджээ. Сумын намын үүрийг 1939 онд тусгай контортой болгоход зориулж намын гишүүд ба сумын ардуудаас 55 тэрэг мод, чулуу, 425 төгрөг 50 мөнгө, үхэр 7, хонь 15, адуу 4-ийг сайн дураар тусалсан бол сумын бага сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн хурал дээр 84 ардуудаас 585 төгрөг 50 мөнгө, 25 адуу, 5 үхэр, 20 хонь, 10 ямааг сургуулийн шинэ барилгын ажилд зориулан тусалжээ. Мөн энэ онд сумын 3 баг ба 4, 5-р багийн ардуудаас хадлан тариалан ба аж ахуйг нэгтгэн 3 багийн дотор 3 нэгдэл байгуулж тариа хадлан аж ахуйг хөгжүүлэх зорилтын дор 31 ардаас 462 төгрөг нийлүүлэн тарианы нэгдэл байгуулж, тариа тариалж 546 тогоо тариа авч Мандал, Баянгол суманд 7 шинэ хашаа барьж, хуучин 22 хашааг сэргээж байсан бол оны сүүлээр Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар цаг уурын станцыг байгуулжээ. Улмаар Манарт, Сэвсүүл, Жарын байшин зэрэг газруудад байгуулагдсан “Нөхөрлөл”, “Ар Баянгол” зэрэг жижиг нэгдлүүд нийлэн “Мандах” хэмээх томоохон нэгдлийг байгуулахаар Жарын байшин гэдэг газар хуралдаж анхны даргаар Г.Цагаанлам гэдэг хүн сонгогдсон байна. Энэ нэгдэл 1968 онд Баруунхараа САА-тай нийлэхдээ 273 өрх, 928 гишүүнтэй, 30200 толгой мал, 2.7 сая төгрөгийн орлоготой болсон байжээ. 1949 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Баруунхараа өртөө байгуулагдсанаар тус сум нь улс орны хэмжээнд томоохон байр суурь эзлэх болсон юм. БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 102-р зарлигаар... “газар нутгийн хэмжээгээр бага ба хүн ам цөөн учир...” гэсэн шалтгаанаар Сэлэнгэ аймгийг татан буулгахад Баянгол сум Төв аймгийн харьяанд шилжсэн бөгөөд удалгүй тус сумыг татан буулгахад 1, 2, 3, 4-р багийг Зүүнхараад, 5-р багийг Дархан суманд шилжүүлсэн байна. БНМАУ-ын Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 222-р зарлигаар.... “аж үйлдвэр, сангийн аж ауй, нэгдлүүд олшрон хөгжиж...” зэрэг үндэслэлээр Сэлэнгэ аймгийг байгуулахад Баянгол сум дахин шилжиж ирсэн ба Төв аймгаас салган Сэлэнгэ аймгийн харьяанд Баянгол сумыг дахин байгуулахад ХАА-н нэгдэл 1895 өрх, 2779 хүн амтай, нийт 42799 толгой малтай байжээ. Үүнээс: Тэмээ 59, адуу 6015, үхэр 8032, хонь 23828, ямаа 4865 байсан бөгөөд машин техник хэрэгсэл 104, малын бага эмчийн салбар 2, дэлгүүр 1, хүний бага эмчийн салбар 1, бага сургууль 1, улаан булан 1 байгаа талаар аймаг байгуулах Засгийн газрын комиссын илтгэл дэх эдийн засгийн үзүүлэлтэд дурьдсан байна.

БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 152-р тогтоолоор нэгдэл, САА-н дэргэдэх сумын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын үүргийг нэгдэл, САА-н даргад хавсруулан гүйцэтгүүлж үндсэн цалингийн 40%-иар цалинжуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ дагуу “Мандах” нэгдлийн дарга нь Баянгол сумын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын албан тушаалыг хавсарган гүйцэтгэх болжээ. 1960 онд хуралдсан УИХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас БНМАУ-ын 2-р үндсэн хуулийг баталж аймаг, хот, сум, хорооны Засгийн дээд эрхийг АДХГЗ барихаар заасны дагуу сумын АДХГЗ болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 623-р тогтоолоор хот, сумын АДХГЗ-ны орлогч даргын орон тоог бий болгон захиргааны төсөв,  тэтгэвэр тусламж, татвар хураамжийн асуудлыг хариуцсан байна.

Манай орны газар тариалангийн үйлдвэрлэл нь эрчимтэй хөгжиж энэ салбарын үйлдвэрийн газрууд олноор байгуулагдсаны нэг хэсэг нь 1966 онд тус суманд байгуулагдсан бөгөөд тариа хүлээн авах элеватор мөн 1969 онд байгуулагдсан  багсармал тэжээлийн үйлдвэр юм.

БНМАУ-ын СнЗ-ийн 1968 оны 227-р тогтоолоор Мандах нэгдлийг татан буулгаж түүний суурин дээр сүүний болон махны чиглэлийн үхэр, нарийвтар ноост хонь үржүүлэх Баруунхараа САА-г байгуулсан байна. Аймаг, хот, районы АДХГЗ-ны бүрэлдэхүүнд санхүүгийн хэлтэс байгуулагдсантай холбогдуулан сум, хороодод сумын төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарыг төвлөрүүлэн удирдах зорилгоор БНМАУ-ын СнЗ-ийн 1975 оны 187-р тогтоолоор сумын санхүүгийн тасгийг дарга, нягтлан бодогчийн орон тоотойгоор байгуулсан байна. Өмнө нь орон тооны бус байсан сумын Ардын хянан шалгах хороог БНМАУ-ын СнЗ-ийн 1977 оны 225-р тогтоолоор сум, хот, хороодод байнгын ажиллагаатай орон тооны даргатай үйл ажиллагааг явуулж байхаар шийдвэрлэж үүний дагуу аймгийн АДХГЗ-ны 1990 оны 43-р тогтоол гарч сумын АДХГЗ нь орон тооны хувьд тэргүүлэгчдийн ба гүйцэтгэх захиргааны дарга 1, нарийн бичгийн дарга 1, санхүү тасгийн дарга 1, бичээч, бичиг хэргийн эрхлэгч 1 гэсэн бүтэцтэй болсон байна.

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны нөлөөгөөр төрийн байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөд орж 1992 онд шинээр батлагдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд: “Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасны дагуу МУЗГ-ын 1993 оны 64-р тогтоол гарч тус сумын сумын Засаг дарга 1, ЗДТГ-ын дарга 1, Засаг даргын орлогч бөгөөд санхүү тасгийн дарга 1 зэрэг нийт 10 орон тоо байхаар заасан байна. Мөн дээрх хуультай уялдуулан УИХ-ын 23, 24-р тогтоолыг үндэслэн аймгийн Ардын хурлын Тэргүүлэгчдийн баг байгуулах тухай 1992 оны 17-р тогтоол гарч хүн амын тооноос хамаарч тус сумын ЗДТГ-ын орон тоог 13 байхаар тогтоожээ. Үүнээс хойш МУЗГ-ын 223-р тогтоолоор сумдын ЗДТГ-ын бүтцэд агрономич, мал зүйч гэсэн 2 орон тоо бүхий хөдөө аж ахуйн тасаг шинээр нэмж байгуулагдсан бөгөөд энэ тогтоол ёсоор сумдын ЗДТГ-ын орон тоог 14 болгон тогтоосон байна. МУЗГ-ын 2011 оны 20-р тогтоолоор сумдын ЗДТГ-т улсын бүртгэлийн ажилтны орон тоог нэмсэн. Баримтын түүхийн хувьд аймгийн Улсын архивт анх 1971 онд баримтаа шилжүүлэн хөмрөг үүсгэж нөхөн бүрдүүлэлтийг 1971, 1989, 1991, 2012 онуудад хийж одоо Баянгол сумын ЗДТГ-ын хөмрөгт 1960-2004 оны байнга хадгалагдах 330 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Хөмрөг үүсгэсэнээс хойшхи хугацаанд баримтын тооллогыг 1976, 1985, 2007 онуудад хөмрөгийн дансны бүртгэлийн хэсэгтэй нэг бүрчлэн тулган  хийж  тооллогын хуудас, акт үйлдэн хөмрөгийн хэрэгт хавсаргах, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй баримтыг хөмрөгөөс хасах, дансны дахин боловсруулалтыг хийж ирсэн байна. Нягтлан шалгалтын ажлыг 2011 онд хөмрөгийн хэмжээнд иж бүрэн хэлбэрээр хийж үүний дагуу дансны дахин боловсруулалт хийсэн. Энэ үеэр эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны ач холбогдолгүй болсон ХН-ийг устгахаар ялгаж 330 ХН-ийг байнга хадгалах баримтын бүртгэлд орууллаа. Мөн тоо бүртгэлийн үндсэн баримт бичиг болох хөмрөгийн хуудас, картыг  Улсын болон Төрийн архивын ажлын үндсэн зааврыг үндэслэн тухай бүрт шинэчлэн үйлдэж байсан. Баримтын нэр төрлийн хувьд удирдлагын цаасан суурьтай баримтуудаас бүрдэх бөгөөд сумын АДХ-ын чуулганы баримт бичгүүд, АДХГЗ-ны даргын тогтоол, захирамж, хурлын тэмдэглэл, жилийн ажлын төлөвлөгөө, санхүүгийн тайлан, төсөвт байгууллагуудын эрхлэгч нарын тушаал зэрэг баримт бичгүүдээс бүрдэнэ. Хөмрөгийн баримтуудыг аймгийн Төрийн архивын хадгаламжийн сангийн өрөөнд архивын зориулалтын нягтруулсан шүүгээнд хадгалж байгаа бөгөөд тухайн үед дагаж мөрдөж байсан холбогдох эрх зүйн актуудын дагуу хадгаламжийн нэгжид эрдэм шинжилгээ техник боловсруулалтыг хийж ХН-ийн дугаар олгосон. Тус хөмрөгт өөр байгууллагын хөмрөгт хамаарах болон хувь хүний холбогдолтой баримт бичиг хадгалагдаагүй болно. Хөмрөгийн дансны бүртгэлийн хэсэгт баримтын өөрчлөлт орсон тухай тэмдэглэл хөтөлж ирсэн бөгөөд бүрэн бүрдэл бүхий данс үйлдэж байгаагүй.

МУЗГ-ын 2006 оны 64-р тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд тус хөмрөгөөс мэдээлэл лавлагааны ажилд ихээр ашиглагддаг 77 баримтыг сонгон авч тэдгээрт цахим хувь үйлдэн хадгалж байна. Хөмрөгийн баримтууд нь эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд төдийлөн орж байгаагүй бөгөөд 2001 оны аймгийн 70 жилийн ойд зориулан гаргасан Ө.Бавуугийн “Сэлэнгийн түүхэн товчоон”, 2011 онд аймгийн 80 жилийн ойд зориулан гаргасан “Хоймор нутгийн хийморь” (Сүхбаатар сум 2011 он) зэрэг номуудад оруулахаар зарим баримтууд нь ашиглагдаж байсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ