Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сумын түүхэн товчоон

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1133
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр бол Төв Азийн өндөрлөгт анхны төрт улс байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үе үеийн нүүдэлчин монголчуудын өвлөн идээшин суусан, үржил шимт, өгөөж арвинт, уул ус нь жигд тэгширсэн баян сайхан нутаг билээ. 
Баянгол  сумын нутаг нь Төв Азид нүүдэлчдийн анхны төрт улсыг цогцлоон байгуулж, Евроазийн уудам хээр талд баларшгүй, гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн аугаа хүчирхэг Хүннү гүрэн, түүний суурин дээр улбаалан хөгжсөн хүчирхэг цэрэг армит Сяньби, Буддын шашныг анх удаа нүүдэлчдийн дунд төрийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн их соёлт Нирун буюу Жужан, Хүннүгийн дараа нүүдэлчдийн буй болгосон хамгийн хүчирхэг улс Түрэг, түүнийг улбаалан хөгжсөн Уйгар, Хиргисийн хаант улсуудын үндсэн нутаг дэвсгэрийн гол цөм зүрх болсон төв хэсэгт ямагт хамаарагдаж байсан билээ. Кидан гүрний үед нэгэн үе тус гүрний баруун хойд хязгаарт хамаарагдаж байжээ. Улмаар Их Монгол улс байгуулагдахын өмнөх он жилүүдэд Хамаг Монгол ханлигийн Тайчуудын баруун болон өмнөд бие, Хэрэйд ханлигийн зүүн болон умард нутаг, Гурван Мэргэдийн зүүн болон өмнөд биеийн нутгийн зааг хязгаарт оршиж байсан болохоор үе үе дээрх ханлигуудын эзэмшилд ээлжлэн багтсаар, 1206 оноос Их Монгол улс байгуулагдахад түүний нутгийн төвийн хэсэгт харьяалагдах болсон билээ. 
Монголын эзэнт гүрний төв засаг Бээжинд төвлөрөн суусан он жилүүд буюу Юань гүрний үед монголчуудын үндсэн нутаг нь засаг захиргааны онцгой нэгж болон Давааны арын муж хэмээгдэж байлаа. Энэхүү Давааны арын мужын төв хэсэгт өнөөгийн Баянгол,  Мандал сумын нутаг хамаарагдаж байжээ. Юань гүрний дараа Монгол төрийн төв захиргаа уугуул нутагтаа эргэн суурьшжээ. Энэ үед Монгол нутаг нь Зүүн Монгол, Баруун Монгол буюу Ойрад хэмээн хоёр үндсэн хэсэгт хуваагдах болсон билээ. Зүүн Монголыг нь дөчин түмэн Монгол, Баруун Монголыг нь дөрвөн түмэн Монгол хэмээгээд нийтэд нь Дөчин дөрвөн түмэн Монгол хэмээн энэ үеийг монголын түүхийн тулгар бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгэхлээр дөчин дөрвөн монгол гэдэг нь Юань гүрний дараах монголын өндөрлөг дэх нийт монголчуудыг хамруулсан хэллэг болох юм. Зүүн Монгол нь дотроо мөн л зүүн баруун хэмээн хоёр хэсэгт хуваагдаж байлаа. Зүүн монголын зүүн хэсэг нь шууд эзэн хааны харъяанд багтах бөгөөд дотроо гурван түмэн буюу гурван улсаас бүрэлдэж байв. Энэхүү гурван улс буюу түмэн нь Халх, Цахар, Урианхай болно. Баянгол, Мандал  сумын нутаг дэвсгэр нь ихэнхдээ Халх түмний харьяанд багтаж иржээ. Халх нь аажимдаа Ар Халх, Өвөр Халх хэмээн хоёр хуваагджээ. Тухайн үеийн засаг захиргааны зохион байгуулалтаар түмэн буюу улс нь дор бүрнээ отгуудад хуваагддаг байлаа. Энэ хэвшлийн дагуу Ар Халх нь 7 отогт хуваагдаж байсан бол Өвөр Халх нь 5 отогтой байжээ. Ар Халхын долоон отог нь хожим долоон хошуу болж өөрчлөгдсөн бөгөөд түүний эзэмшил нутаг нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн гол цөмийг бүрдүүлсэн түүхтэй. Тэгэхлээр Баянгол, Мандал сумын өнөөгийн нутаг дэвсгэр бол Юань гүрний дараах Монгол нутагтаа төвлөрөх болсон монголчуудын Зүүн Монгол, улмаар Зүүн Монголын зүүн хэсгийн гурван түмний нэг Халх Монголын харъяанд, чингэхдээ Ар Халхын долоон отгийн нэгэнд хамаарагдаж иржээ. 
Түүхийн сурвалжуудад Батмөнх Даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз халхыг захирч байгаад нас барсны дараа түүний их хатан Хатанхай халхыг долоон хөвгүүндээ хуваарилан өгч захируулах болсноор Халхын нутаг долоон хошуу болон хуваагджээ. Энэхүү долоон хошуу Халх нь дотроо мөн л зүүн, баруун гар болон хуваагдах бөгөөд зүүн гарыг нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Ноонох буюу Онохуй Үйзэн захирч Туул голын сав нутгаар төвлөрөн сууж байсан нь өнөөгийн Баянгол, Мандал сумын нутаг дэвсгэрийг хамаарах юм. Халхын долоон хошууны суурин дээр Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан хэмээх гурван хант улс байгуулагдсан ч, хожим Манж Чин гүрний үед гурван аймаг болон хувирч, тэдгээр нь дотроо хошуудад хуваагдах болсон байдаг. Эдгээрийн Түшээт ханы бүрэлдэхүүнд эдүгээгийн Мандал сумын нутаг харъяалагдаж байлаа. 
1691 онд анх байгуулагдсанаас хойш тус хошууны албан ёсны нэр нь 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 221 жилийн турш Хан уулын чуулганы Түшээт хан аймаг ХАЛХЫН УМАР ЗАМЫН БАРУУН ГАРЫН ЗҮҮН ЭТГЭЭДИЙН ХОШУУ, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Богд хан хайрхан уулын чуулганы Түшээт хан аймгийн БААТАР ЗАСГИЙН ХОШУУ, 1923 онд Монгол Улсын засгийн газраас баталсан “Нутгийн захиргааны дүрэм”-д заасны дагуу бүх аймаг, хошууны нэрийг газар усны нэрээр нэрийдэх болсны учир тус хошуу Монгол Улсын Богд хан уулын аймгийн НОЁН ХАН УУЛЫН ХОШУУ хэмээн 1931 оны зун хүртэл нэрлэгдэж байгаад түүнээс хойш тус хошууны нутаг газар тариалангийн аймаг (Сэлэнгэ), Төв аймгуудад харьяалагдаж байжээ.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ